Математик статистик
МУИС-ийн Статистикийн бакалавр хөтөлбөрийн мэргэжлийн суурь Математик статистик STAT300 хичээл
Зорилго
Магадлалын онол болон математик статистикийн үндсэн ойлголт, арга зүйд тулгуурлан түүвэр өгөгдлөөс эх олонлогийн шинж чанарыг үнэлэх, статистик дүгнэлт гаргах, таамаглал шалгах, хувьсагчдын хамаарлыг шинжлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад шаардлагатай онолын мэдлэг, аналитик сэтгэлгээг эзэмшинэ.
Зорилтууд
- Түүвэр судалгаа, санамсаргүй түүвэр болон тархалтын үнэлэлтийн онолын үндсийг ойлгох.
- Түүврийн тоон характеристик, статистик үнэлэлтүүдийн шинж чанарыг судлах.
- Параметрийн цэгэн болон завсрын үнэлэлтийн аргуудыг эзэмших.
- Статистик таамаглал шалгах арга зүй, шинжүүрүүдийн хэрэглээг сурах.
- Параметрийн болон параметрийн бус статистик аргуудын ялгаа, хэрэглээг танин мэдэх.
- Нейман–Пирсоны шинжүүр болон үнэний орын харьцаат шинжүүрийн онолыг судлах.
- Дисперсийн шинжилгээ болон регрессийн шинжилгээний үндсийг эзэмших.
- Бодит өгөгдөлд статистикийн арга хэрэгслийг зөв сонгон ашиглах чадварыг хөгжүүлэх.
Товч агуулга
Энэхүү хичээл нь түүвэр өгөгдөл ашиглан эх олонлогийн шинж чанарыг судлах математик статистикийн үндсэн онол, аргуудыг хамарна. Хичээлийн хүрээнд санамсаргүй түүвэр, тархалтын үнэлэлт, түүврийн тоон характеристик, статистик үнэлэлтийн чанар, параметрийн үнэлэлт, итгэх завсар, статистик таамаглал шалгалт, параметрийн болон параметрийн бус шинжүүрүүдийг судална. Мөн нэгэн төрлийн байдал, хамааралгүй байдал, санамсаргүй шинжийн шалгалтууд, Нейман–Пирсоны онол, үнэний орын харьцаат шинжүүр, дисперсийн шинжилгээ, регресс болон корреляцийн шинжилгээний үндсэн ойлголт, хэрэглээг авч үзнэ.
Хичээлийн онцлог
- Статистикийг цааш улам гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай онолын суурийг мэргэжлийн түвшинд тавьж өгнө.
- Хичээлийн сэдвийн агуулгыг зөвхөн онол төдийгүй практик хэрэглээтэй нь хамт авч үзсэн. Ийнхүү практикийн дасгалуудыг статистикийн R програмтай уялдуулсан. Тус програмыг сонгосон шалтгаан нь статистикт эхлэн суралцагчид хэрэглэхэд хамгийн дөхөмтэй бөгөөд орчин үеийн хэрэгцээтэй ч нийцэж буйд оршино.
- Хичээлийг амжилттай судлахын тулд магадлалын онолын зохих хэмжээний мэдлэг, чадвар эзэмшсэн байх шаардлагатай.
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Магадлалын онол ба статистикийн уялдаа холбоо, ялгааг мэднэ.
- Түүвэр судалгаа, санамсаргүй түүвэр болон статистикийн үндсэн ойлголтуудыг ойлгоно.
- Тархалтын болон параметрийн үнэлэлтийн онолын үндсийг мэддэг болно.
- Цэгэн болон завсрын үнэлэлтийн зарчим, шинж чанарыг ойлгоно.
- Статистик таамаглал шалгах онол, шинжүүрүүдийн үндсийг ойлгоно.
- Параметрийн болон параметрийн бус аргуудын онцлог, хэрэглээний хүрээг мэднэ.
- Дисперсийн шинжилгээ, регресс болон корреляцийн шинжилгээний онолын суурийг ойлгоно.
Чадвар
- Түүвэр өгөгдлийг статистикийн аргаар боловсруулах чадвартай болно.
- Эх олонлогийн параметрүүдийг тохирох аргаар үнэлж сурна.
- Итгэх завсар байгуулж, үр дүнг тайлбарладаг болно.
- Судалгааны таамаглал боловсруулж, тохирох статистик шинжүүрээр шалгадаг болно.
- Хувьсагчдын хамаарал, ялгааг статистикийн аргаар шинжилж сурна.
- Өгөгдөлд үндэслэн статистикийн дүгнэлт гаргаж, тайлбарлаж чаддаг болно.
- Судалгааны асуудалд тохирох статистикийн аргыг сонгон хэрэглэж сурна.
Хандлага
- Өгөгдөлд тулгуурласан нотолгоонд үндэслэн дүгнэлт хийх хандлагатай болно.
- Судалгааны үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах хандлага төлөвшинө.
- Статистикийн аргыг хариуцлагатай, ёс зүйтэй хэрэглэх ухамсар төлөвшинө.
- Тоон мэдээллийг шүүмжлэлтэйгээр задлан шинжлэх дадал эзэмшинэ.
- Судалгаа, шинжилгээний ажилд аналитик сэтгэлгээг тогтмол хэрэгжүүлэх хандлагатай болно.