Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #7. Параметрийн завсран үнэлэлт
Зорилго
Эх олонлогийн үл мэдэгдэх параметрийг тодорхой магадлалтайгаар багтаах интервалыг (итгэх завсар) байгуулах аргуудыг сурч, үнэлгээний нарийвчлал болон түүврийн хэмжээний хамааралд тулгуурлан шаардлагатай түүврийн минимал хэмжээг тодорхойлох мэдлэг, чадвартай болно.
Зорилтууд
- Параметрийн завсран үнэлэлт, итгэх түвшин болон алдааны хязгаарын мөн чанарыг ойлгох.
- Төвийн статистикийн тодорхойлолт, түүний шинж чанарт тулгуурлан итгэх завсар байгуулах болон төвийн статистик зохиох аргыг эзэмших.
- Асимптот тархалт, бүүтстрэп дахин түүвэрлэлт болон Байесын аргаар итгэх завсар байгуулах зарчмуудтай танилцаж, тэдгээрийн давуу ба сул талыг харьцуулах.
- Нэг талт ба хоёр талт итгэх завсрыг ялган хэрэглэх.
- Завсрын урт буюу нарийвчлалд үндэслэн параметрийг үнэлэхэд шаардлагатай түүврийн минимал хэмжээг тооцоолох аргачлалыг сурах.
Дэд сэдвүүд
- Завсран үнэлэлт ба түүнийг байгуулах аргууд
- Төвийн статистик ашиглан итгэх завсар байгуулах
- Итгэх завсар ба түүврийн минимал хэмжээ
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Завсран үнэлэлт, итгэх түвшин, алдааны хязгаар болон тодорхойгүй байдлын магадлалын утга учир, онолын ухагдахууныг мэддэг болно.
- Төвийн статистикийн тодорхойлолт, түүний эрс монотон ба параметрээс хамаарахгүй байх чанаруудыг ойлгоно.
- Төвийн статистик, асимптот тархалт, бүүтстрэп дахин түүвэрлэлт болон Байесын аргуудын онцлог, хэрэглэх нөхцөл, давуу болон сул талуудыг салангид нь ялган мэднэ.
- Хоёр талт ба нэг талт итгэх завсрын ялгаа болон түүврийн хэмжээнээс интервалын урт хэрхэн хамаардаг зүй тогтлыг ойлгоно.
Чадвар
- Өгөгдсөн тохиолдолд тохирох төвийн статистикийг сонгох эсвэл параметрийн бус хувиргалтын аргаар төвийн статистикийг байгуулна.
- Сонгосон итгэх түвшинд харгалзах квантилуудыг ашиглан параметрийн хоёр талт болон нэг талт итгэх завсрыг байгуулна.
- Эх олонлогийн тархалт тодорхойгүй эсвэл том, бага түүвэртэй үед асимптот ба дахин түүвэрлэлтийн (бүүтстрэп) аргуудыг тохиромжтой хэлбэрээр ашиглан завсран үнэлгээ хийнэ.
- Заасан нарийвчлал болон итгэх түвшинд тулгуурлан параметрийг үнэлэхэд шаардлагатай түүврийн минимал хэмжээг тодорхойлно.
Хандлага
- Цэгэн үнэлгээний хязгаарлагдмал талыг ойлгож, бодит өгөгдлийн эрсдэл ба тодорхойгүй байдлыг магадлалын интервалаар илэрхийлэх статистик сэтгэлгээтэй болно.
- Судалгаа болон шийдвэр гаргалтад түүврийн хэмжээ ба үнэлгээний нарийвчлалын хоорондын хамаарлыг харгалзан үзэж, шинжлэх ухаанчаар хариуцлагатай дүгнэлт гаргадаг болно.