Статистикийн програмчлал: Python, R, SQL
МУИС-ийн Статистикийн бакалавр хөтөлбөрийн мэргэжлийн суурь STAT305 хичээлийн веб хуудас
Зорилго
Өгөгдлийн шинжилгээ, боловсруулалт болох Python, R програмчлалын хэлүүд мөн өгөгдлийн сангийн удирдлагын үндсэн хэрэгсэл болох SQL хэлийг мэргэжлийн түвшинд сурч, практикт хэрэглэх ур чадвар эзэмшиж улмаар төсөлд суурилсан сургалтын аргаар 21-р зууны чухал ур чадварууд болох харилцаа холбоо, хамтын ажиллагаа, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлсэнээр орчин үеийн статистикийн мэргэжилтэнд шаардлагатай суурь чадамжтай болно.
Зорилтууд
- Өгөгдлийн шинжилгээний орчин үеийн програм хангамжууд болон хөгжүүлэлтийн орчныг хэрэглэж сурах.
- Нэг болон олон хэмжээст өгөгдлийн бүтэц, тэдгээрийн онцлог, өгөгдөл оруулах болон гаргах аргуудад суралцах.
- Оператор, нөхцөлт ба давталттай тушаал, функцийн үйлчлэх хүрээ буюу програмчлалын суурь ойлголттыг ашиглан өгөгдөл боловсруулах логик алгоритм зохиох, програмчлах ур чадвартай олж авах.
- Реляцийн өгөгдлийн сан, SQL хэл, өгөгдлийн нормал хэлбэр, вебээс өгөгдөл цуглуулах арга, өгөгдөл солилцох API ажиллах зарчим зэргийг ойлгож, өгөгдлийг шинжилгээнд бэлтгэх чадвар эзэмших.
- Өгөгдлийн шинжилгээний үр дүнг дахин давтагдахуйц, мэргэжлийн түвшний тайлан болгон боловсруулж чаддаг болох.
Товч агуулга
Энэхүү хичээлээр статистикийн програмчлалын суурь ойлголтуудаас эхлэн Python, R болон SQL хэлүүдийн танилцуулга, тэдгээрийн хөгжүүлэлтийн орчин, ажиллах зарчим, нэг болон олон хэмжээст өгөгдлийн бүтцүүд, тоон болон чанарын өгөгдөл оруулах, тэдгээрийн элементүүд рүү хандах, өгөгдөл оруулах ба гаргах үйлдлүүд, програмчлалын хэлний операторууд, нөхцөлт болон давталттай тушаал, функц ба хувьсагчийн үйлчлэх хүрээ, SQL хэл ашиглан өгөгдлийн сан дахь олон эх үүсвэрийн өгөгдлийг нэгтгэх, холбох, нийлүүлэх арга, өгөгдлийн нормал хэлбэр, вебээс мэдээлэл цуглуулах веб скрапинг, өгөгдөл солилцох API технологи, өгөгдлийг шинжилгээнд бэлтгэх нийтлэг үйлдлүүд, өгөгдлийн шинжилгээний дахин давтагдахуйц тайлан боловсруулах зэргийг үзнэ.
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Python, R болон SQL хэлүүдийн онцлог, ажиллах зарчим ба өгөгдлийн шинжилгээнд гүйцэтгэх үүрэг ролийг ойлгоно.
- Өгөгдлийн суурь төрлүүд, нэг ба олон хэмжээст өгөгдлийн бүтцүүдийн ялгаа болон өгөгдлийн сангийн нормал хэлбэрийг мэддэг болно.
- Өгөгдлийг шинжилгээнд бэлтгэх, вебээс автоматжуулсан байдлаар мэдээлэл цуглуулах болон дахин давтагдахуйц тайлан боловсруулах арга зүйг эзэмшинэ.
Чадвар
- Янз бүрийн форматтай өгөгдлийг Python болон R програм руу оруулах, гаргах, боловсруулах болон өгөгдлийн сантай харилцан ажиллуулах чадвартай болно.
- Бодит өгөгдлийг цэвэрлэх, олон хүснэгт ба эх үүсвэрийг нэгтгэн холбох, веб скрапинг хийх, API сервисээс мэдээлэл татах зэргээр өгөгдлийг статистик шинжилгээнд бэлдэж сурна.
- Шинжилгээний явц болон үр дүнг бусдад ойлгомжтой, дахин ашиглах боломжтой, мэргэжлийн тайлан хэлбэрээр боловсруулдаг болно.
Хандлага
- Бодит амьдрал дээрх асуудлуудыг өгөгдөлд суурилж, шүүмжлэлтэй бөгөөд логик дараалалтайгаар шийдвэрлэх сэтгэлгээг төлөвшүүлнэ.
- Багаар ажиллах, бусадтай үр дүнтэй харилцах болон асуудалд шинэлэг, бүтээлч шийдэл эрэлхийлэх хандлагатай болно.
- Код бичих болон өгөгдлийн шинжилгээний ажилд хариуцлагатай, үнэнч, мэргэжлийн ёс зүйтэй ханддаг болно.