Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #10. Өгөгдлийн нэгтгэл, холболт ба нийлүүлэлт

Зорилго

Өгөгдлийн сангаас шаардлагатай мэдээллийг шүүж авах, өгөгдлийг тодорхой үзүүлэлтээр бүлэглэж нэгтгэн дүгнэх, олон хүснэгт хоорондын харилцан хамаарлыг ашиглан өгөгдлийг холбох болон ижил бүтэцтэй өгөгдлүүдийг босоо чиглэлд нийлүүлэн боловсруулах аргуудыг гүнзгийрүүлэн судална. Програмчлалын орчноос өгөгдлийн сантай харилцан ажиллаж, нарийн төвөгтэй өгөгдлийн бүтэц дээр статистик нэгтгэл болон хүснэгт хоорондын холболтыг оновчтой гүйцэтгэх практик мэдлэг, чадварыг эзэмшинэ.

Зорилтууд

  1. Програмчлалын орчноос өгөгдлийн сантай холбогдон хүснэгтүүдийг оруулах болон хайлтын асуулга ажиллуулах бэлтгэл хангах.
  2. Өгөгдлийн сангаас тодорхой нөхцөл, эрэмбэлэлт, хязгаарлалтын дагуу өгөгдөл шүүн гаргах аргад сурах.
  3. Өгөгдлийг тодорхой бүлэг, хэмжүүрийн дагуу нэгтгэн дүгнэх, нэгтгэсэн үр дүнд нөхцөл тавьж шүүх логикийг ойлгох.
  4. Олон хүснэгтийн өгөгдлийг дотоод, гадаад, зүүн, баруун холболтын төрлүүдээр уялдуулан нэгтгэж сурах.
  5. Ижил бүтэцтэй өгөгдлийн олонлогуудыг давхардалтай болон давхардалгүйгээр босоо чиглэлд нийлүүлэх аргад сурах.

Товч агуулга

Өгөгдлийн нэгтгэл, холболт ба нийлүүлэлтийг SQL хүснэгт, Python болон R датафрейм дээр хийж гүйцэтгэх

Дэд сэдвүүд

  1. Бэлтгэл үе шат ба өгөгдлийн сантай харилцах
  2. Өгөгдөл гаргаж авах асуулга
  3. Өгөгдлийн нэгтгэл
  4. Өгөгдлийн холболт
  5. Өгөгдлийн нийлүүлэлт

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Өгөгдлийг шүүх, бүлэглэх, нэгтгэх болон холбох үндсэн зарчим, тэдгээрийн гүйцэтгэлийн дарааллыг мэддэг болно.
  2. Өгөгдлийн холболтын үндсэн төрлүүдийн (дотоод, гадаад, зүүн, баруун) ялгаа болон тохирох хэрэглээний орчныг ойлгоно.
  3. Өгөгдлийн олонлогийг босоо чиглэлд нийлүүлэх, давхардлыг зөвшөөрөх болон арилгах логикийг танин мэднэ.

Чадвар

  1. Олон хүснэгтэд тохирох холболтын төрлийг сонгон ашиглаж, хэрэгцээт өгөгдлийг зохистой бүтэцтэйгээр нэгтгэн боловсруулж сурна.
  2. Өгөгдлийг тодорхой ангилал, үзүүлэлтээр бүлэглэн статистик нэгтгэл хийж, нэгтгэсэн үр дүнгээс шаардлагатай хэсгийг шүүн гаргах чадвартай болно.
  3. Програмчлалын хэл дээр өгөгдлийн сангийн хүсэлтийг оновчтой зохиомжлон ажиллуулж, гарсан үр дүнг хувьсагчид оруулан цаашдын шинжилгээнд ашиглаж сурна.

Хандлага

  1. Өгөгдлийн сантай ажиллахдаа холболт болон нэгтгэлийн логикийг зөв төлөвлөх хянуур, нухацтай хандлага төлөвшинө.
  2. Олон эх сурвалжийн өгөгдлийг уялдуулан боловсруулахдаа тэдгээрийн хамаарал, бүрэн байдлыг нягталдаг дадал сууна.