Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #4. Олон хэмжээст өгөгдлийн бүтцүүд

Зорилго

Python болон R програмчлалын хэлнүүд дэх олон хэмжээст өгөгдлийн зохион байгуулалт, тэдгээрийн математик ба статистик ач холбогдлыг ойлгож матриц, тензор болон хүснэгтэн өгөгдлийн бүтцүүдийг мэдэж, олон хэмжээст объектын элементүүд рүү индекс, нэр болон логик нөхцөл ашиглан хандах чадвар суулгаж авна.

Зорилтууд

  1. Математикийн скаляр, вектор, матриц болон тензор ойлголтуудыг програмчлалын хэлнүүдийн олон хэмжээст өгөгдлийн бүтэцтэй холбон судалж, тэдгээрийн ялгааг таньж мэдэх.
  2. Хоёр ба түүнээс дээш хэмжээст тоон өгөгдлийг матриц болон массив хэлбэрээр програмын орчинд оруулах зарчмыг эзэмших.
  3. Янз бүрийн төрлийн хувьсагчдаас бүрдэх хүснэгтэн өгөгдлийг олон хувьсагчтай өгөгдлийн бүтцүүд ашиглан зохион байгуулах аргыг судлах.
  4. Олон хэмжээст өгөгдлийн мөр, багана болон тодорхой огтлолцол дахь элементүүдэд индекс, нэр, зүслэг болон логик нөхцөл ашиглан хандах, өгөгдөл шүүн ялгах чадвар эзэмших.

Товч агуулга

Олон хэмжээст өгөгдөл; матриц, тензор ба хүснэгтэн өгөгдөлд зориулсан бүтцүүд, олон хэмжээст объектын элемент рүү хандах

Дэд сэдвүүд

  1. Олон хэмжээст өгөгдөл
  2. Матриц ба тензорт зориулсан бүтцүүд
  3. Хүснэгтэн өгөгдөлд зориулсан бүтцүүд
  4. Олон хэмжээст объектын элемент рүү хандах

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Олон хэмжээст өгөгдлийн бүтцүүдийн хэмжээс болон статистик шинжилгээний зориулалтын ялгааг мэддэг болно.
  2. Матриц, тензор болон олон хувьсагчтай хүснэгтэн өгөгдлийг илэрхийлэх санах ойн бүтцийн зохион байгуулалтыг ойлгоно.
  3. Өгөгдлөөс элемент ялгах үед объектын бүтэц автоматаар хөрвөх болон анхны хэмжээс хадгалагдах механизмыг ойлгоно.

Чадвар

  1. Матриц, тензор болон олон төрлийн хувьсагч бүхий хүснэгтэн өгөгдлийг програмын орчинд тохиромжтой бүтэц сонгон үүсгэдэг болно.
  2. Олон хэмжээст өгөгдлийн тодорхой мөр, багана, эсвэл огтлолцол дахь элементүүдэд индекс, нэр, зүслэг болон логик утгуудаар хандаж өгөгдөл шүүн авч чаддаг болно.
  3. Програмчлалын хэлнүүдийн индексжүүлэлт болон зүслэгийн хязгаарын ялгааг тооцон объектын элемент рүү зөв ханддаг болно.

Хандлага

  1. Шинжлэх ухааны болон практикийн олон хэмжээст өгөгдлийг боловсруулахдаа өгөгдлийн шинж чанарт тохирсон бүтцийг нухацтай сонгох хандлага төлөвшинө.
  2. Өгөгдөл шүүн ялгах явцад бүтцийн автомат хувиргалтаас үүдэж болох далд алдаанаас сэргийлж, кодын логик болон синтаксид нямбай ханддаг болно.