Хичээлийн сэдэв
Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #5. Өгөгдөл оруулах болон гаргах
Зорилго
Төрөл бүрийн форматтай (CSV, Excel, JSON гэх мэт) болон ялгаатай эх үүсвэрт байрших өгөгдлийг програмын орчинд импортлон оруулах, боловсруулсан өгөгдлийг файл хэлбэрээр буцаан экспортлох, мөн үйлдлийн системийн онцлогт тохируулан файлын замыг оновчтой заан ажиллах суурь мэдлэг, чадвар эзэмшинэ.
Зорилтууд
- Төрөл бүрийн форматаар хадгалагдсан өгөгдлийг програмын орчинд оруулах үндсэн зарчмуудтай танилцах.
- Шахалттай файлаас өгөгдөл унших аргыг сурах.
- Тооны орон бүлэглэлт, тэмдэгтийн кодчилол (UTF-8) зэрэг нутагшуулалтын онцлогтой өгөгдлийг хүндрэлгүй оруулах аргыг эзэмших.
- Боловсруулсан өгөгдлийг стандарт файл хэлбэрээр экспортолж сурах.
- Үйлдлийн системүүдийн файлын замын ялгааг ойлгож, ажлын хавтас, абсолют, харьцангуй зам болон интернэт хаягаар файлын байршлыг тодорхойлж сурах.
Товч агуулга
CSV, Excel, JSON форматтай өгөгдлийг R болон Python руу импортлон оруулах болон өгөгдөл экспортлох, файлын зам заах
Дэд сэдвүүд
- Өгөгдөл оруулах
- CSV файлаас өгөгдөл оруулах
- Excel файлаас өгөгдөл оруулах
- JSON файлаас өгөгдөл оруулах
- Өгөгдөл экспортлох
- Файлын зам заах
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- CSV, Excel, JSON болон шахалттай файлын бүтцийн онцлог, өгөгдөл хадгалах зарчмыг мэддэг болно.
- Тэмдэгтийн UTF-8 кодчилол, тооны орон бүлэглэлт, бүхэл ба бутархай орон тусгаарлагч зэрэг нутагшуулалтын ялгаатай байдлыг ойлгоно.
- Үйлдлийн системүүдийн файлын замын бүтэц, ажлын хавтас, абсолют болон харьцангуй замын талаар мэдлэгтэй болно.
Чадвар
- Өргөн хэрэглээний янз бүрийн форматтай өгөгдлийг локал диск, интернет орчин (URL) эсвэл шахалттай файлаас програмын орчинд чөлөөтэй импортлох чадвартай болно.
- Боловсруулсан өгөгдлийг шаардлагатай форматаар файл болгон экспортлох чадвартай болно.
- Ажлын хавтас болон файлын замыг алдаагүй тодорхойлж, өгөгдлийн файлуудыг чөлөөтэй унших, хадгалах чадвартай болно.
Хандлага
- Өгөгдлийн эх үүсвэрийн бүтэц, тэмдэгтийн кодчилол болон нутагшуулалтын онцлогт нямбай хандах сахилга баттай болно.
- Ялгаатай үйлдлийн систем ба сүлжээний орчинд өгөгдөл солилцохдоо кодын хамаарал болон замын заалтад хариуцлагатай, уян хатан хандах дадал төлөвшинө.