Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #8. Нөхцөлт болон давталтын оператор

Зорилго

Програмчлалын хэлнүүд дэх нөхцөлт болон давталтын операторуудын ажиллах үндсэн зарчим, тэдгээрийн хэрэглээний зарим тусгай тохиолдлыг судална. Тодорхой шалгуур нөхцөл дээр үндэслэн шийдвэр гаргах логик бичих, үйлдлийг олон дахин давтан гүйцэтгэх, давталтын явцыг удирдан зохицуулах болон олон хэмжээст, урт бүтэцтэй өгөгдөл дээр бүлэглэсэн статистик олох арга барилтай болно.

Зорилтууд

  1. Нөхцөлт операторын үндсэн бүтэц, цувраа болон багталцсан нөхцөл шалгах логикийг судлах.
  2. Скаляр болон вектор, массивын элемент бүрт нөхцөл шалгахын хэрэглээг ойлгох.
  3. Давталтын операторуудыг ашиглан үйлдлийг давтан гүйцэтгэх, давталтыг зогсоох болон дараагийн алхам руу шилжүүлэх аргыг эзэмших.
  4. Давталтыг товч бөгөөд уншигдахуйц хэлбэрээр бичих аргуудтай танилцах.
  5. Олон хэмжээст өгөгдлийн хэмжээс бүрээр үйлдэл хийх болон урт бүтэцтэй өгөгдлийг бүлэглэн статистик үзүүлэлт тооцоолох аргуудаас сурах.

Товч агуулга

Нөхцөлт болон давталтын операторууд, өгөгдлийн бүтэц ба тооцооллын онцлогоос үүдсэн давталтын зарим тусгай тохиолдол

Дэд сэдвүүд

  1. Нөхцөлт оператор
  2. Давталтын оператор
  3. Давталтын тусгай тохиолдлууд

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Нөхцөлт болон давталтын операторуудын ажиллах зарчим, цувраа ба багталцсан нөхцөлийн ялгааг мэддэг болно.
  2. Скаляр болон олон элементтэй өгөгдлийн бүтцэд нөхцөл шалгах онцлогийг ойлгоно.
  3. Давталтыг зогсоох болон дараагийн алхам руу шилжих тушаалуудын үүргийг мэднэ.
  4. Урт болон өргөн бүтэцтэй өгөгдлийн ялгаа, олон хэмжээст өгөгдлийг бүлэглэх логикийг ойлгоно.

Чадвар

  1. Өгөгдлийн шинж чанарт тохируулан нөхцөлт оператор болон олон сонголттой тохируулах логикийг зөв бичиж чаддаг болно.
  2. Давталтын операторыг ашиглан элемент бүрээр шилжих эсвэл тодорхой нөхцөл биелэх хүртэл үйлдлийг давтах логикийг хэрэгжүүлж сурна.
  3. Олон хэмжээст өгөгдлийн мөр, баганын дагуу үйлдэл хийх болон урт бүтэцтэй өгөгдлийг баганын утгаар бүлэглэн нэгтгэсэн статистик гаргах чадвартай болно.

Хандлага

  1. Кодыг илүү товч, ойлгомжтой, уншигдахуйц байдлаар бичихдээ нямбай, хариуцлагатай хандахын чухлыг ухамсарлана.
  2. Өгөгдлийг бүтэцжүүлэх болон нөхцөл, давталтыг төлөвлөхдөө логик суурьтай, хянуур хандах дадал төлөвшинө.