Дүгнэх журам
Хичээл: Магадлал ба статистик
Дүн нь ирц, сэдвийн бататгах асуулт, төслийн ажил, бие даалт болон шалгалтын онооноос бүрдэнэ.
- Ирц: 15 оноо
Хичээлийн семестерийг оюутан ирцийн бүтэн оноотой эхлүүлнэ. Харин хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол нэг оноо алдана. Өвчтэй байсан бол эмнэлгийн магадлагаа харин чөлөөтэй байсан бол чөлөөний хуудас болон бусад баттай бодит баримтад үндэслэн ирц бүртгэл дэх тухайн тасыг засна.
Түүнчлэн МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй буюу тасалсан бол WF үнэлгээ авна. Энэ нь хичээлээ зургаа буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм. - Сэдвийн бататгах асуулт: 30 оноо
Энэ нь хичээлийн эхний арван таван сэдвийн агуулгыг хамарсан тестийн асуулт хэлбэртэй байна. Сэдвийн бататгах асуултад тухайн сэдвийг үзсэн даруйд, заасан хугацааны интервалд багтаж хариулна. Сэдэв бүр ижил оноотой. - Төсөл хэрэгжүүлэх: 20 оноо
Машин сургалт ерөнхий сэдэвтэй төслийг 5 оюутантай багт хуваарилагдан гүйцэтгэнэ. - Бие даалт: 10 оноо
XVI сэдвийн агуулгын зарим хэсгээр бие даалт хийнэ. - Шалгалт: 25 оноо
Ижил оноо бүхий 5 бодлоготой байна.
Шалгалтыг хичээл хаагдсаны дараа Сургалтын албанаас товлосон цагт авна. Шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. Шалгалт өгөөгүй бол I үнэлгээ авна.
Шалгалт нь оюутан лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэхэд шаардагдах зохих ур чадварыг семинарын хичээл болон бие даах цагт эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Харин сэдвийн бататгах асуулт нь лекцийн хичээлээр олж авах онолын мэдлэгийг бататгах зорилготой. Төсөл хэрэгжүүлэх нь багаар ажиллах, эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэглэх, шинэ ур чадвар эзэмших чадвар суулгана.
Хичээлийн тухайн сэдвийн талаар буруу ойлголттой үлдээхгүйн тулд уг сэдвийн бататгах асуултуудад бүрэн зөв хариулахыг шаардана. Ийнхүү тухайн сэдвийн бататгах асуултад амжилттай хариулсанаар уг сэдэвт харгалзах оноог бүтэн авна. Харин сэдвийн бататгах асуултад дутуу хариулбал оноо авахгүй ба бүрэн зөв хариулж чадталаа хэчнээн ч удаа оролдож болно.
МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.