Хичээлийн сэдэв

Сэдэв: #2. Дундаж болон дундаж квадрат хазайлт

Зорилго

Тодорхойгүй болон санамсаргүй өгөгдлийг загварчлахад магадлалын онол болон статистикийн ач холбогдол, санамсаргүй хувьсагчийн хамааралгүй чанарыг ойлгож, зарим дискрет тархалтуудын онцлог болон тэдгээрийн математик дундаж, дундаж квадрат хазайлтыг тодорхойлон практик асуудлыг шинжлэх суурь мэдлэг, чадвар олж авна.

Зорилтууд

  1. Машин сургалт болон бодит амьдралын жишээн дээр тулгуурлан магадлал ба статистикийн практик хэрэглээг ажиглаж, детерминистик болон санамсаргүй өгөгдлийн ялгааг таних чадвартай болох.
  2. Санамсаргүй хувьсагчдын хамааралгүй чанар ба Пуассоны болон геометр тархалтын шинж чанар, хэрэглээг судлах.
  3. Санамсаргүй хувьсагчийн математик дундаж, дундаж квадрат хазайлт буюу дисперс болон стандарт хазайлтын утга учрыг ойлгож, тэдгээрийн чанар болон тэнцэл бишүүдийн хэрэглээг эзэмших.

Товч агуулга

Санамсаргүй хувьсагчийн математик дундаж болон дундаж квадрат хазайлт, стандарт хазайлт, момент үүсгэгч функц, Пуассоны болон геометр тархалт, Пуассоны томьёо, үзэгдэл болон санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар

Дэд сэдвүүд

  1. Санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар
  2. Пуассоны тархалт ба түүний нягтын гаргалгаа, бином тархалттай холбогдох холбоо
  3. Геометр тархалт ба түүний онцлог
  4. Математик дундаж (дискрет ба тасралтгүй тохиолдол, момент үүсгэгч функцийн хэрэглээ)
  5. Дундаж квадрат хазайлт, стандарт хазайлт болон Марковын болон Чебышевийн тэнцэл бишүүд

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Санамсаргүй хувьсагчдын хамааралгүй чанарын тодорхойлолт ба Пуассоны болон геометр тархалтын утга агуулгыг мэдэж, ашиглагдах тохиолдлын онцлогийг ойлгоно.
  2. Математик дундаж нь тархалтын массын төвийг заадгийг бас дундаж квадрат хазайлт нь утгуудын дунджаасаа хазайх хазайлтыг илэрхийлдгийг мэдэж авна.
  3. Момент үүсгэгч функц ба Марковын болон Чебышевийн тэнцэл бишүүд, тэдгээрийн онолын болон практикийн ач холбогдлыг мэддэг болно.

Чадвар

  1. Өгөгдсөн нөхцөлд тохирох тархалтыг сонгон магадлал болон математик дундаж, дундаж квадрат хазайлтыг тооцоолох чадвартай болно.
  2. Марковын болон Чебышевийн тэнцэл бишийг ашиглан магадлалыг дээрээс нь зааглаж, статистик дүгнэлт гаргадаг болно.

Хандлага

  1. Аливаа тодорхойгүй байдал, өгөгдөлд логик, аналитик болон статистик сэтгэлгээгээр нухацтай хандах дадалтай болно.
  2. Бодит амьдрал дахь санамсаргүй үзэгдлүүдийн цаана орших математик зүй тогтол, тархалтын онцлогийг олж харах тэмүүлэлтэй болно.
  3. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад магадлалын загварчлал болон статистик үзүүлэлтүүдийн ач холбогдлыг ухамсарлана.

Хариу харах

Дараах асуултуудад 9 сарын 8 07:40 — 9 сарын 29 07:40 хугацаанд хариулна.


  1. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний математик дундаж хэрхэх вэ?


  2. Тодорхой нэг үр дүн ажиглагдтал туршилт явуулна. Тэгвэл явуулах туршилтын тоо ямар тархалттай байх вэ?


  3. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж квадрат хазайлт нь тэдгээр хувьсагч тус бүрийн дундаж квадрат хазайлтуудын нийлбэртэй тэнцүү.


  4. Ажиглалтын төхөөрөмж дээр нэг цагт дунджаар 3 үзэгдэл бүртгэгджээ. Тэгвэл хоногт бүртгэгдэх үзэгдлийн тоог илэрхийлэх санамсаргүй хувьсагч ямар тархалттай байх вэ?


  5. Санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлт сөрөг тоон утгатай байж болох уу?


  6. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний дундаж квадрат хазайлт хэрхэх вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.