Магадлал ба санамсаргүй процесс (APMA280)
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад магадлал, статистик, мэдээллийн онолын үндсэн мэдлэг олгох, зохих ур чадвар эзэмшүүлэх зорилготой хичээл
Мэдээлэл, мэдээлэл, мэдээлэл ... Энэ бол бидний огт ойлгож ухамсарлаагүй атлаа маш сайн мэддэг зүйл гэвэл та зөвшөөрөх үү? Мэдээллийн эх үүсвэр нь угтаа санамсаргүй үзэгдэл харин санамсаргүй үзэгдэл бол надтай бас тантай хамт өрнөж буй эсэн бусын санамсаргүй процессын тухайн нэг эгшинд ажиглагдах дүр зураг юм. Та мэдээллийг хэмжих талаар бодож байсан уу? Мэдээллийн хэмжээг түүний ач холбогдлоор нь хэмжих үү? Танд ач холбогдолтой мэдээлэл өрөөл бусдад ч мөн ижил ач холбогдолтой байх уу? Нэг л мэдээллийг бүгд өөр өөрөөр хэмжинэ гэж үү? Мэдээллийн математик хэмжээсийг тус мэдээллийнх нь эх үүсвэр болох үзэгдлийнх нь магадлалаар тодорхойлдог. Гэхдээ яаж? Байз даа, ерөөсөө юун магадлал вэ? Ямар ч мэдээлэлгүй мэдээлэл ч байж болно. Энэ ямар учиртай юм бол?
Мэдээллийг хав дарж орхивол тэр мэдээлэл биш болно. Иймээс түүнийг бусдад дамжуулна, олон нийтэд түгээнэ. Ингээд л элч, өртөө, цахилгаан холбоо, радио холбоо, сансрын холбоо үүссэн. Орчин үеийн холбооны системд дотоод болон гадаад орчны санамсаргүй, тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалан дамжуулж буй мэдээлэлд алдаа бий болдог бөгөөд үүнийг нь тооцох улмаар системийн зохистой үзүүлэлтийг сонгох шаардлага тулгардаг. Ийнхүү дараах асуудлуудыг шийдэх хэрэгтэй болдог. Холбооны суваг хэдий хэрийн мэдээлэл дамжуулах багтаамжтай вэ? Холбооны сувгийн багтаамж хязгаарлагдмал байх тул түүгээр дамжуулах мэдээллийг хэрхэн хураангуйлах вэ? Дамжуулах үеийн санамсаргүй, урьдаас тааварлашгүй алдааг хэрхэн илрүүлэн засах вэ?
Мэдээлэл, харилцаа холбооны технологи төдийгүй шинжлэх ухааны болон инженерчлэлийн аливаа судалгаанд тодорхой бус байдалтай гардан ажиллах математик аргачлалын тулгуур нь магадлал, санамсаргүй процессын онол юм. Түүнчлэн магадлал, санамсаргүй процессын онолыг туршилтын үр дүнтэй уялдуулан хэрэглэхэд статистикийн арга техник хэрэг болдог. Ийнхүү тус хичээлээр магадлал, санамсаргүй процесс, статистик, мэдээллийн онолын үндсэн ойлголтуудыг авч үзнэ.