Дүгнэх журам

Хичээл: Мэдээлэл, холбооны технологи дахь магадлал ба санамсаргүй процессын үндэс


Дүн нь ирц, сэдвийн бататгах асуулт, бие даалт болон хоёр удаагийн шалгалтын онооноос бүрдэнэ.

  1. Ирц: 15 оноо
    Хичээлийн семестерийг оюутан ирцийн бүтэн оноотой эхлүүлнэ. Харин хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол нэг оноо алдана. Өвчтэй байсан бол эмнэлгийн магадлагаа харин чөлөөтэй байсан бол чөлөөний хуудас болон бусад баттай бодит баримтад үндэслэн ирц бүртгэл дэх тухайн тасыг засна.
    Түүнчлэн МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй буюу тасалсан бол WF үнэлгээ авна. Энэ нь хичээлээ зургаа буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм.
  2. Сэдвийн бататгах асуулт: 30 оноо
    Энэ нь хичээлийн эхний арван таван сэдвийн агуулгыг хамарсан тестийн асуулт хэлбэртэй байна. Сэдвийн бататгах асуултад тухайн сэдвийг үзсэн даруйд, заасан хугацааны интервалд багтаж хариулна. Сэдэв бүр ижил оноотой.
  3. I шалгалт: 15 оноо
    Эхний шалгалт I - VI сэдвүүдийн агуулгыг хамарсан, ижил оноо бүхий 3 бодлоготой.
  4. Бие даалт: 20 оноо
    Эх шифрлэлт ба сувгийн шифрлэлт сэдвээр бие даалт гүйцэтгэнэ.
  5. II шалгалт: 20 оноо
    VII - XVI сэдвүүдийн агуулгыг хамарсан, ижил оноо бүхий 4 бодлоготой.

Шалгалтуудын эхнийхийг семестерийн дундуур харин сүүлийнхийг хичээл хаагдсаны дараа Сургалтын албанаас товлосон өдөр, цагт авна. Шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. Сүүлийн шалгалтыг өгөөгүй оюутанд I үнэлгээ өгнө.

Шалгалт нь оюутан лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэхэд шаардагдах зохих ур чадварыг семинарын хичээл болон бие даах цагт эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Харин сэдвийн бататгах асуулт нь лекцийн хичээлээр олж авах онолын мэдлэгийг бататгах зорилготой.

Хичээлийн тухайн сэдвийн талаар буруу ойлголттой үлдээхгүйн тулд уг сэдвийн бататгах асуултуудад бүрэн зөв хариулахыг шаардана. Ийнхүү тухайн сэдвийн бататгах асуултад амжилттай хариулсанаар уг сэдэвт харгалзах оноог бүтэн авна. Харин сэдвийн бататгах асуултад дутуу хариулбал оноо авахгүй ба бүрэн зөв хариулж чадталаа хэчнээн ч удаа оролдож болно.

МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал ерөнхийдөө үгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.