Хичээлийн сэдэв
Сэдэв: #4. Инженерчлэл дэх хэрэглээ: Найдвартай байдал ба саатлын эрчим
Зорилго
Системийн найдвартай байдал болон саатах хүртэлх хугацаа буюу наслалтыг магадлалын онолын үүднээс загварчлах, нөхцөлт магадлал болон нөхцөлт тархалтын үндсэн ойлголтыг эзэмшинэ. Мөн илтгэгч болон Вейбуллын тархалтын шинж чанар, тэдгээрийн саатлын эрчим дэх ялгааг ойлгож, ердийн болон цензуртай өгөгдөлд үндэслэн найдварын функцийг үнэлэх Kaplan-Meier-ын муруйг байгуулах аргыг сурна.
Зорилтууд
- Системийн найдвартай байдал болон наслалтын ойлголтыг инженерчлэл, эдийн засаг, биологи зэрэг салбарын жишээн дээр тулгуурлан мэдэж авах.
- Нөхцөлт магадлал болон нөхцөлт тархалт, нөхцөлт нягтын функцийн утга учрыг ойлгох.
- Илтгэгч тархалтын санамжгүй байдлын шинж чанар ба тогтмол саатлын эрчимтэй хэрхэн уялддагийг ойлгох.
- Саатлын эрчим болон найдварын функцийн холбоог мэдэх.
- Цензургүй болон цензуртай өгөгдөлд үндэслэн Kaplan-Meier-ын муруйг байгуулах зарчмыг мэдэх.
- Вейбуллын тархалтын хэлбэрийн болон масштабын параметрүүд саатлын эрчимд хэрхэн нөлөөлдгийг мэдэж авах.
Товч агуулга
Системийн найдвартай байдал буюу наслалт, нөхцөлт магадлал, нөхцөлт тархалт, илтгэгч тархалтын санамжгүй байдал, саатлын эрчим, найдварын функц ба Kaplan-Meier-ын муруй, Вейбуллын тархалт
Дэд сэдвүүд
- Оршил буюу нэр томьёоны тайлбар
- Нөхцөлт магадлал ба нөхцөлт тархалт
- Илтгэгч тархалтын санамжгүй байдал
- Саатлын эрчим
- Найдварын функц ба Kaplan-Meier-ын муруй
- Вейбуллын тархалт
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Найдвартай байдал, наслалт, саатлын эрчим болон найдварын функцийн утга учрыг ойлгоно.
- Нөхцөлт магадлал ба нөхцөлт тархалтын үндсэн чанаруудыг мэдэж авна.
- Илтгэгч тархалтын санамжгүй байх шинж ба тогтмол саатлын эрчмийн талаар гүнзгий ойлголттой болно.
- Вейбуллын тархалтын параметрүүдээс хамаарч саатлын эрчим өсөх, буурах болон тогтмол байх онцлогийг мэднэ.
- Цензуртай өгөгдлийн бүтэц болон Kaplan-Meier-ын муруйн үндсэн зарчмыг мэднэ.
Чадвар
- Нөхцөлт магадлал болон нөхцөлт тархалттай холбоотой асуудлуудыг логик дараалалтайгаар бодож, дүгнэлт хийж сурна.
- Наслалтын өгөгдлөөс найдварын функцийн утгуудыг олж, Kaplan-Meier-ын муруйг байгуулж чаддаг болно.
- Цензуртай өгөгдлийг ердийнхээс ялган таньж, тооцоололд зөв ашиглаж сурна.
- Системийн насжилтаас хамаарч саатлын эрчим хэрхэн өөрчлөгдөж буйд тохирох магадлалын тархалтыг сонгох чадвартай болно.
Хандлага
- Магадлалын болон статистикийн загваруудыг практик инженерчлэл, эдийн засаг, биологийн зэрэг салбарын эрсдэлийг үнэлэх чухал хэрэгсэл гэж үздэг болно.
- Цензуртай ба дутуу мэдээлэлд хянамгай ханддаг зарчимтай болно.
- Системийн найдвартай байдалд анхаарч, эрсдлийг урьдчилан таамаглах, эрсдлээс сэргийлэх эрмэлзэлтэй болно.
Дараах асуултуудад 9 сарын 22 07:40 — 10 сарын 13 07:40 хугацаанд хариулна.