Дүгнэх журам
Дүнд ирц, сэдвийн бататгах асуулт, явцын шалгалт, бие даалтын ажил болон улирлын шалгалт нөлөөлнө.
- Ирц: 15 оноо
Ирцийн оноо нь сэдвийн бататгах асуултад амжилттай хариулсан тоогоор тодорхойлогдоно. Гэхдээ хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол 1 оноог уг онооноос суутгана. Мөн тухайн өдрийн лекцийн хичээлийн сэдэвтэй холбогдох лекцийн эмхэтгэл болон слайд хэвлэж авч ирээгүй бол хичээлд суусан гэж үзэхгүй."You cannot truly listen to anyone and do anything else at the same time." – M. Scott Peck
МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй бол F* үнэлгээ авна. Энэ нь хичээлээ 6 буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм. - Явцын шалгалт: 15 оноо
Явцын шалгалтыг 1 - 6 дугаар сэдвийн хүрээнд цахимаар авна. Явцын шалгалтын материал семинарын хичээлийн бодлого эсвэл түүнтэй төстэй бодлогоос тогтоно. Явцын шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. - Бие даалт: 30 оноо
Бие даалтын ажлыг өгсөн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд тус удирдамж дээрх рубрикээр үнэлж дүгнэнэ. - Улирлын шалгалт: 40 оноо
Улирлын шалгалтыг 7 - 16 дугаар сэдвийн хүрээнд цахимаар авна.
Дүн гаргахдаа дор дурдсан хүндэтгэх шалтгаан болон идэвх зүтгэлийг харгалзаж үзнэ. Үүнд:
- Чөлөөний хуудас болон эмнэлгийн магадлагаанд заасан хугацаанд хамаарах, өгч чадаагүй явцын шалгалтын оноог улирлын шалгалтын оноотой хувь тэнцүүлж нөхнө. Жишээлбэл эмнэлэгт хэвтэж байхдаа явцын шалгалт өгч чадаагүй оюутан улирлын шалгалтаас 24 оноо буюу нийт онооны тавны гурвыг авсан бол явцын шалгалтын 15 онооны тавны гурав буюу 9 оноог нөхөж өгнө.
- Бие даалтын ажлын үнэлгээний рубрик дотор зааснаар минимумдаа 0 максимумдаа 50 оноо авах боломжтой. Дээр заасан бие даалтын 30 онооноос давуулан авсан оноог бонус болгон өгч улирлын шалгалтаас алдсан оноог нөхөхөд ашиглана. Харин явцын шалгалтын оноо, ирцийн оноо нөхөхөд ашиглахгүй. Жишээлбэл бие даалтын ажлаараа 50 оноо авсан оюутан улирлын шалгалтаас 25 оноо авсан өөрөөр хэлбэл улирлын шалгалтаас 15 оноо алдсан гэе. Тэгвэл тус оюутны бие даалтаараа авсан илүү 20 оноогоор улирлын шалгалтаас алдсан 15 оноог нөхөж улирлын шалгалтын оноог 40 гэж тооцно. Харин үлдсэн илүүдэл 5 оноог өөр хаана ч нэмэхгүй.
МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.