Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #5. Олон хэмжээст хэвийн тархалт IV

Зорилго

Олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын өөр өөр эх олонлогууд дахь тархалт дундаж утгын вектор болон ковариацийн матрицаараа ижил гэсэн тэг таамаглал шалгадаг шинжүүрүүд болон олон хэмжээст дисперсийн шинжилгээтэй танилцах, мөн тус шинжилгээг практикт хэрэглэхэд шаардагдах урьдач нөхцөлүүдийг мэдэх, шалгаж сурахыг зорино.

Зорилтууд

  1. Олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын дундаж утгын векторыг хоёр ба түүнээс дээш эх олонлог дээр ялгаатай эсэхийг зохих шинжүүрээр шалгаж сурах.
  2. Бүлгүүдийн ковариацийн матрицууд адил эсэхийг шалгах статистик шинжүүрийг судлах.
  3. Олон хэмжээст дисперсийн шинжилгээний статистик шинжүүр, асимптот тархалтын талаар ойлголттой болох.
  4. Олон хэмжээст дисперсийн шинжилгээ хийхэд шаардагдах урьдач нөхцөлүүдийг мэдэж, практикт хэрэглэх хязгаарлалтыг ойлгох.

Товч агуулга

Дундаж утгын векторуудыг жиших, ковариацийн матрицуудыг жиших, олон хэмжээст дисперсийн шинжилгээ (MANOVA)

Дэд сэдвүүд

  1. Дундаж утгын векторуудыг жиших
  2. Ковариацийн матрицуудыг жиших
  3. Олон хэмжээст дисперсийн шинжилгээ

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Олон хэмжээст хэвийн тархалттай өгөгдлийн хувьд бүлгүүдийн дундаж утгын вектор болон ковариацийн матрицыг жиших таамаглалын зарчмыг мэддэг болно.
  2. Олон хэмжээст дисперсийн шинжилгээний мөн чанар болон түүнийг хэрэгжүүлэхэд тавигддаг урьдач нөхцөлүүдийг (түүврийн хэмжээ, хамааралгүй байдал, онцгой утгагүй байх, олон хэмжээст хэвийн тархалт, ковариацийн матрицын нэгэн төрлийн чанар) мэдэж авна.

Чадвар

  1. Бодит өгөгдөлд шинжилгээ хийж, дундаж утгын вектор болон ковариацийн матрицууд тэнцүү эсэх таамаглалыг шалган, гарсан үр дүнг зөв тайлбарлаж сурна.
  2. Олон хэмжээст дисперсийн шинжилгээ зэрэг статистик шинжилгээ хийхээс өмнө тухайн арга техникийн урьдач шаардлагууд биелж буй эсэхийг шалган тохирох дүгнэлтийг гаргаж чаддаг болно.

Хандлага

  1. Статистик аргыг ашиглахаас өмнө шаардлагатай урьдач нөхцөлүүдийг заавал шалгадаг хариуцлагатай, нягт нямбай судалгааны дадал төлөвшинө.
  2. Статистик шинжилгээний үр дүнд үндэслэн туйлшрахгүйгээр, шинжлэх ухаанч байдлаар дүгнэлт хийх сэтгэлгээ сууна.
Хариу

Дараах асуултуудад 9 сарын 29 07:40 — 10 сарын 20 07:40 хугацаанд хариулна.


  1. R програмын datasets багцын chickwts датафрейм дахь өгөгдөл авч үзье. Тэгвэл тэжээлийн бүлгүүдийн хувьд тахианы жин ялгаатай болохыг батлахад олон хэмжээст дисперсийн шинжилгээг ашиглаж болох уу?


  2. Олон хэмжээст дисперсийн шинжилгээ хийхийн өмнө юу хийж гүйцэтгэх ёстой вэ?


  3. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд хамрагдсан 100 өрхийн амьжиргааг өмнөх жилийнхтэй нь харьцуулах зорилгоор $H_0:\mu_\text{энэ жил}=\mu_\text{өмнөх жил}$ томьёолол бүхий таамаглал дэвшүүлжээ. Уг таамаглалыг Hotelling-ийн T2 шинжүүрээр шалгаж болох уу?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.