Хичээлийн сэдэв

Сэдэв: #6. Пуассоны процесс

Зорилго

Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн гамма тархалтын математик үндэслэл, түүний хэлбэрийн болон эрчмийн параметрүүдийн утга учрыг ойлгох, хугацаанаас хамаарсан санамсаргүй үзэгдлийн цувааг загварчилдаг нэгэн төрлийн болон нэгэн төрлийн бус Пуассоны процессын шинж чанарыг судлах, улмаар үзэгдлүүд хоорондын хугацаа ба тодорхой хугацааны интервалд илрэх үзэгдлийн тооны магадлалын зүй тогтлыг гамма, илтгэгч болон Пуассоны тархалтуудын уялдаа холбоон дээр үндэслэн шинжлэн дүгнэх, симуляцлах суурь мэдлэг, чадвартай болохыг зорино.

Зорилтууд

  1. Математикийн дурын функцээс магадлалын хэмжээс тодорхойлохыг гамма функц ба гамма тархалтын жишээн дээр үзэх, тус тархалтын хэлбэрийн болон эрчмийн параметрийн утга агуулгыг ойлгох.
  2. Гамма тархалт болон илтгэгч, Эрланг, хи-квадрат тархалтуудын уялдаа холбоог судлах.
  3. Илтгэгч тархалт ба Пуассоны тархалтын уялдаа холбоон дээр суурилан нэгэн төрлийн болон нэгэн төрлийн бус Пуассоны процессын тодорхойлолт, ой санамжгүй шинж чанарыг авч үзэх.
  4. Бодит өгөгдөл дээр процессын санамсаргүй ба ой санамжгүй байдлыг шалгах, эрчмийн параметрийг үнэлэх арга зүйд суралцах.
  5. Пуассоны процесст тодорхой хугацаанд яг тодорхой удаа болон дор хаяж тодорхой удаа үзэгдэл илрэх магадлалыг Пуассоны ба гамма тархалтаар тооцоолох, процессыг симуляцлах зарчмыг эзэмших.

Товч агуулга

Гамма функц ба гамма тархалтын тодорхойлолт, гамма тархалтын хэлбэрийн ба эрчмийн параметрүүд, тэдгээрийн чанар, гамма тархалт ба бусад тархалтуудын холбоо (Илтгэгч, Эрланг, Хи-квадрат), илтгэгч тархалт ба Пуассоны тархалтын уялдаа, амжилт хоорондын хугацаа, нэгэн төрлийн болон нэгэн төрлийн бус Пуассоны процесс, параметрийн үнэлгээ ба процессыг симуляцлах, тодорхой хугацаанд үзэгдэл илрэх магадлал (Пуассоны болон гамма тархалтын хэрэглээ)

Дэд сэдвүүд

  1. Гамма тархалт
  2. Пуассоны процесс

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Гамма тархалтын нягтын функц болон түүний хэлбэрийн ба эрчмийн параметрүүдийн утга учрыг ойлгосон байна.
  2. Нэгэн төрлийн ба нэгэн төрлийн бус Пуассоны процессын ялгаа ба тус процессын ой санамжгүй шинж чанарыг мэддэг болно.
  3. Илтгэгч тархалттай хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэр нь гамма тархалтад захирагддаг зүй тогтол болон Пуассоны тархалттай холбогдох уялдааг танин мэдсэн байна.

Чадвар

  1. Хугацааны интервал дахь санамсаргүй үзэгдлийн өгөгдөлд шинжилгээ хийж, процессын параметр болон үзэгдэл хоорондын дундаж хугацааг үнэлэх чадвартай болно.
  2. Тодорхой хугацаанд үзэгдэл яг тодорхой удаа эсвэл дор хаяж тодорхой тоогоор илрэх магадлалыг Пуассоны болон гамма тархалтуудыг ашиглан тооцоолж чаддаг болно.
  3. Санамсаргүй процессын санамжгүй чанарыг шалгах болон процессын симуляцын логик алгоритмыг боловсруулан шинжлэх чадвартай болно.

Хандлага

  1. Цаг хугацаатай уялдсан санамсаргүй үйл явдал, физик болон нийгмийн үзэгдлүүдийг статистик ба магадлалын загварчлалаар шинжлэх аналитик сэтгэлгээг эзэмшинэ.
  2. Бодит амьдралд тохиолдох үйл явдлуудыг зөвхөн таамгаар бус шинжлэх ухааны үндэслэлтэйгээр загварчилж, эрсдэл болон магадлалыг объектив үнэлэх хандлагатай болно.
Хариу

Дараах асуултуудад 10 сарын 6 07:40 — 10 сарын 27 07:40 хугацаанд хариулна.


  1. МУИС-ийн Төв номын сангийн өмнөх автобусны буудал дээр бүтэн өдрийн турш ирэх Сансар - III/IV хороолол чиглэлийн автобус хоорондын хугацааг нэгэн төрлийн Пуассоны процесс үүсгэнэ гэвэл зөв үү?


  2. Цахим халдлагын эрчим тогтмол байдаг гэж тооцвол халдлага хоорондын хугацаагаар нэгэн төрлийн Пуассоны процесс тодорхойлж болох юм. Тэгвэл тодорхой хугацаанд ядаж нэг удаа хадлага ирэх магадлалыг ямар тархалтаар олох вэ?


  3. Цахим халдлагын эрчим тогтмол байдаг гэж тооцвол халдлага хоорондын хугацаагаар нэгэн төрлийн Пуассоны процесс тодорхойлж болох юм. Тэгвэл тодорхой хугацаанд яг нэг удаа хадлага ирэх магадлалыг ямар тархалтаар олох вэ?


  4. Гамма тархалтын нягт ямаршуу хэлбэртэй вэ?


  5. Шагайгаар морь уралдуулж тоглох үед орхисон шагай морь буухыг хүлээхийг ямар процесстой холбож болох вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.